Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Өрсөлдөгчийн судалгаа гэж юу вэ?
2013 оны 9 сарын 3

Өнөөгийн өрсөлдөөнтэй орчинд өрсөлдөгчдийнхөө үйл ажиллагааг цаг тухайд нь мэдэж, өрсөлдөгчдийн талаарх чухал мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж байх нь компаниудын оршин тогтнох, өргөжин тэлэх гол үндэс болсон. Тэгвэл компаниуд маань энэ талаар хэр сайн ойлголттой байдаг вэ гэдгийг сонирхож судалж үзлээ. Өрсөлдөгчийн судалгааны талаар хамж шимж орчуулсан зүйлсээ нийтэллээ.

 

Competitive Intelligence (CI) буюу Өрсөлдөгчийн судалгаа гэдэг нь гүйцэтгэх удирдлага, менежерүүд байгууллагад нөлөөтэй стратегийн шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай гадаад орчин, өрсөлдөгчид, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг тодорхойлох, цуглуулах, задлан шинжлэх, байгууллагын дотоодод түгээх үйл явц юм.


Өрсөлдөгчийн судалгааны талбар нь 1970-аад онд АНУ-д үүссэн. “Өрсөлдөгчийн Судалгааны Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” буюу Society of Competitive Intelligence Professionals (SCIP) нь 1972 онд АНУ-д  байгуулагдсан. Харвардын их сургуулийн эрдэмтэн Майкл Портер 1980-аад онд “Өрсөлдөөний стратеги: Салбар ба өрсөлдөгчдөө шинжлэх арга техникүүд” номоо хэвлүүлснээр орчин үеийн өрсөлдөгчийн судалгааны үндсийг тавьсан. Түүний судалгааг Крэйг Флэйшер (Craig Fleisher), Бабетт Бенсуссан (Babette Bensoussan) нар үргэлжлүүлж өрсөлдөгчийн судалгааны 48 практик аргачлал, хэрэгслийг бий болгосон. 1985 онд Леонард Фалд (Leonard Fuld) өрсөлдөгчийн судалгааны чиглэлээр шилдэг бүтээлээ туурвисан. 1988 онд Бен болон Тамар Гилад нар байгууллагуудад байж болох өрсөлдөгчийн судалгааны нэгжийн загварыг гаргаж тавьснаар компаниуд ийм нэгжтэй болж эхэлсэн. Энэ чиглэлээр Бленкхорн ба Флэйшер (Blenkhorn & Fleisher), Фалд (Fuld), Прескотт (Prescott), МакГональ (McGonagle) зэрэг томоохон судлаачид байдаг.

 

“Өрсөлдөгчийн Судалгааны Мэргэжилтнүүдийн Нийгэмлэг” буюу SCIP нь нэрээ өөрчилж “Стратеги ба Өрсөлдөгчийн Судалгааны Мэргэжилтнүүд” нэртэй болсон. Тус байгууллага нь “Фалд Гилад Херрингийн Өрсөлдөгчийн Судалгааны Академи”-ийг (Fuld-Gilad-Herring Academy of Competitive Intelligence) өрсөлдөгчийн судалгааны мэргэжилтэн (CIP) бэлдэх, албан ёсны сертификат олгох эрхтэйг батламжилсан.

Эх сурвалж: Википедиа

Өрсөлдөгчийн судалгаа гэдэг нь ... юм.

 

Өрсөлдөгчийн судалгаа гэдэг нь шийдвэр гаргах хүртэл нарийвчлан задлан шинжилсэн мэдээлэл юм.


Өрсөлдөгчийн судалгаа нь удирдлагуудад аюул занал болон боломжийг урьдчилан мэдээлдэг хэрэгсэл юм.


Өрсөлдөгчийн судалгаа бол үнэн зөв, ухаалаг үнэлгээ хийх арга хэрэгсэл юм. Өрсөлдөгчийн судалгаа нь зах зээл болон өрсөлдөгчдийн талаар хамгийн зөв үзэл, баримжааг өгдөг. Гэхдээ өрсөлдөгчдийн санхүүгийн тайланг харуулахгүй. Бодитой үнэлгээг өнөө үеийн алдарт энтрепренёрууд болох Билл Гэйтс, Ричард Брансон, Майкл Делл гэх мэт хүмүүс өдөр тутам хэрэглэдэг. Тэд бүх нарийн ширийнийг бус, тухайн үедаа хамгийн зөв үнэлгээг л хүсдэг.


Өрсөлдөгчийн судалгаа олон талын ач холбогдолтой. Өрсөлдөгчийн судалгаа нь байгууллага дахь хүмүүст олон талын ач холбогдолтой. Судалгаа хөгжлийнхөн өрсөлдөгчдийн судалгаа хөгжлийн шинэ санаачлагуудыг мэдэж авдаг. Борлуулалтын ажилтнуудад компани нь өрсөлдөгчдийн эсрэг тендерийн саналаа хэрхэн тавих ёстойг харуулдаг. Дээд түвшний менежерийн хувьд зах зээл, өрсөлдөгчдийг урт хугацаанд харах боломж олгодог.


Өрсөлдөгчийн судалгаа бол компаниуд ашигаа нэмэгдүүлэх гол арга зам юм. Нутра Свийт гэх мэт компаниуд өрсөлдөгчийн судалгааг ашигласнаар хэдэн сая доллар олсоноо мэдээлдэг. Та манай fuld.com хуудаснаас өрсөлдөгчийн судалгааг амжилттай ашигласан компаниудын түүхийг уншаарай.


Өрсөлдөгчийн судалгаа бол амьдралын хэв маяг, тасралтгүй үйл явц мөн. Хэрвээ компани өрсөлдөгчийн судалгааг зөв ашигладаг бол энэ нь зөвхөн стратеги төлөвлөлт, маркетингд ашигладаг зүйл бус, тэдний ажилтнуудын амьдралын хэв маяг болдог. Өрсөлдөгчийн судалгаа нь хэрэгцээтэй, чухал мэдээллийг шаардлагатай хүнд нь бэлэн байлгадаг тасралтгүй үйл явц юм. Энэхүү үйл явцад компьютер ашиглаж болох ч үр дүн, амжилт нь хүмүүс, тэдний мэдээлэл ашиглах чадвараас шалтгаалдаг.


Өрсөлдөгчийн судалгаа бол шилдэг компаниудын нэг хэсэг юм. Өрсөлдөгчийн судалгааны талбарт ажилласан 20 жилийн туршлагадаа үндэслэн дүгнэхэд чанараар тэргүүлэгч, шилдэг корпорациуд өрсөлдөгчийн судалгааг зүй зохистой ашигладаг. Америкийн корпорациудад чанарын удирдлагаар олгодог Малкольм Балдрижийн Чанарын Шагналын нэг гол үзүүлэлт нь гадаад зах зээл, өрсөлдөгчийн мэдээлэл хэр сайн цуглуулдаг вэ гэсэн шалгуур байдаг..


Өрсөлдөгчийн судалгааг гүйцэтгэх удирдлага залж чиглүүлэх ёстой. Өрсөлдөгчийн шилдэг судалгаанууд гүйцэтгэх захирлын зааварчилгаа, удирдлагаар явагддаг. Гүйцэтгэх захирал өрсөлдөгчийн судалгааг өөрөө гардан явуулахгүй байж болох ч төсөв, мөнгийг гаргаж өгч, дэмжиж, хамгийн чухал нь судалгааны үр дүнг ашигладаг байх ёстой.


Өрсөлдөгчийн судалгаа нь дотогшоо биш, гадаад орчинд төвлөрөхөд тусалдаг. Өрсөлдөгчийн судалгааг үр дүнтэй ашигладаг комданиуд гадаад орчноо харах өндөр чадвартай болсон байдаг. Өрсөлдөгчийн судалгаа нь манайх хийгээгүй эд байна гэх синдромыг арилгаж, цонхоор харахад тусалдаг.


Өрсөлдөгчийн судалгаа нь урт болон богино хугацаанд төвлөрдөг. Компани бүтээгдэхүүний үнэ тогтоох, зар сурталчилгаа байрлуулах гэх мэт богино хугацааны олон шийдвэрт өрсөлдөгчийн судалгааны мэдээллийг ашигладаг. Түүнээс гадна урт хугацааны асуудал буюу бүтээгдэхүүний хөгжүүлэлт, зах зээлийн хоногшуулалтанд ашиглаж болно.

 

Өрсөлдөгчийн судалгаа гэдэг нь ... биш юм.

 

Өрсөлдөгчийн судалгаа гэдэг нь тагнан турших ажил биш юм. Тагнан турших нь хуулиар хориглогдсон, ёсзүйгүй ажил юм. Тагнан турших нь заримдаа байдаг ч ховор ажиллагаа байдаг. Компани өрсөлдөгчөө тагнаж байгаад шүүхэд дуудагдаж хувьцаа эзэмшигчдийнхээ дургүйг хүргэвэл яах вэ? Тагнуулчийг бид роман, киноноос л хардаг болохоос захирлын хувцастай тагнуулч гэж байдаггүй.


Өрсөлдөгчийн судалгаа нь бүхнийг харуулдаг шилэн бөмбөлөг биш. Жинхэнээр прогнозчилдог арга хэрэгсэл гэж байдаггүй. Өрсөлдөгчийн судалгаа нь компанид бодит байдалд аль болох ойр, урт болон богино хугацааны барагцааг өгдөг. Түүнээс биш ирээдүйг урьдчилан харуулахгүй.


Өрсөлдөгчийн судалгаа нь мэдээллийн сангийн хайлт биш. Мэдээллийн сангууд зөвхөн өгөгдөл өгдөг. Мэдээллийн санг ашиглах нь зүйтэй. Гэхдээ тэдгээр нь мэдээллийг задлан шинжилдэггүй. Тэдгээр нь мэдээллийг задлан шинжилж, өөрийн зөн совин, туршлага, шинжилгээний хэрэгсэл, хар ухаанаа ашиглан боловсруулдаг хүнийг хэзээ ч орлож чадахгүй.


Өрсөлдөгчийн судалгаа бол Интернэтийн хов живээр хөөцөлдөх биш. Интернэт бол харилцаа холбооны тэргүүлэгч хэрэгсэл мөн ч гэлээ өрсөлдөгчийн мэдээллийг өгөгч биш. Интернэтээр компанийн өрсөлдөөний стратегийн талаар санаа авч болох ч хов живийг бодит байдал гэж андуурах магадлалтай. Интернэтийг буруу ашиглахаас болгоомжил. Интернэтийн хамрах хүрээ өргөн ч мэдээллийг нь сайтар ангилж, ялгаж, сонголттой хандах ёстой.


Өрсөлдөгчийн судалгаа бол бичиг цаас биш. Бичиг цаасанд баригдвал өрсөлдөгчийн судалгаa үр дүнгүй болдог. Цаас цуглуулахын оронд нүүр тулсан уулзалт хийж, утсаар ярь. Бичиг цаасыг өрсөлдөгчийн судалгаатай бүү адилтга. Чухал мэдээлэл цуглуулах аргатай байх ёстой. Ихэнх менежерүүд слайд, график, хүснэгт, тайлангууд шинжилж, тэдгээр нь өрсөлдөгчийн мэдээлэл өгнө гэж боддог. Ингэснээр зайлшгүй, яаралтай мэдээллийг удаж авдаг. Бичиг цаас биш, та л дүгнэлт хийж чадна гэдгийг санаарай.


Өрсөлдөгчийн судалгаа бол нэг ухаалаг хүний хийх ёстой ажил биш.  Компанийн захирал өрсөлдөгчийн судалгааны процессыг хэн нэгэнд даалгадаг бол энэ нь ганц хүний хийх ажил биш юм. Өрсөлдөгчийн судалгаа хариуцсан менежер, ажилтнууд байж, гүйцэтгэх удирдлагуудыг мэдээллээр хангаж, стратегийн бизнесийн нэгжүүд өөрсдөө өрсөлдөгчийн мэдээлэл цуглуулж сурах ёстой.


Өрсөлдөгчийн судалгаа бол зөвхөн 20 дугаар зуунд гарч ирсэн зүйл биш. Өрсөлдөгчийн судалгаа нь бизнес үүссэн үеэс хийгдэж ирсэн. Нэргүй, өөр нэрээр ч байг үргэлж хийгддэг байсан. Наполеон Ватерлоод ялагдахыг урьдчилж мэдээд Британийн засгийн газрын бондыг худалдан авсан 19-р зууны санхүүч Натан Ротшайлдын түүхийг сана. Тэр өнөөдрийн имэйл буюу тухайн үеийн шуудан зөөгч тагтааг ашигласан.


Өрсөлдөгчийн судалгаа бол компьютерийн программ хангамж биш. Программ хангамж өөрөө өрсөлөгчийн мэдээлэл хэзээ ч гаргаж өгдөггүй. Өрсөлдөгчийн судалгааны зах зээл өнөө үед анхааралд орж, өрсөлдөгчийн мэдээлэл цуглуулах программ хангамжууд олноор гарч байна. Өгөгдөл хадгалах, боловсруулалт хийх хэрэгслүүд олон болсон. Программ хангамж нь өрсөлдөгчийн судалгааны чухал хэрэгсэл боловч мэдээллийг үнэнээр задлан шинжилдэггүй. Программ мэдээллийг цуглуулж, зэрэгцүүлж, харьцуулдаг ч хүмүүс л түүнийг ойлгож, шийдвэр гаргадаг.


Өрсөлдөгчийн судалгаа бол мэдээ биш. Сонин болон телевизийн мэдээ нь маш өргөн хүрээнийх байдаг бөгөөд аль нэг өрсөлдөгч, өрсөлдөөний асуудлыг анхаарч буй менежерт цаг тухайн үеийн мэдээлэл өгдөггүй. Хэрэв менежер салбарынхаа үйл явдлыг сонин, сэтгүүлээс хамгийн түрүүнд олж үзэж байгаа бол бусад хүмүүс түүнийг өөр сувгуудаар аль хэдийнэ мэдсэн байх боломжтой. Хэвлэл мэдээллийн мэдээнүүд нь өрсөлдөгчийн судалгаанд хэрэгтэй мэдээлэл агуулдаг ч цагаасаа хоцорсон байх нь элбэг. Эсвэл бизнесийн шийдвэр гаргахад туслахуйц тодорхой биш байдаг.


Өрсөлдөгчийн судалгаа бол хүснэгтүүд биш. “Тоогоор илэрхийлэгдээгүй бол мэдээлэл биш” гэсэн хэллэг байдаг. Өрсөлдөгчийн мэдээллийг олон хэлбэрээр авч болох бөгөөд тэдгээрийн нэг нь хүснэгт буюу тоо юм. Манай компани олон үнэлгээ хийхэд тоо асуудлын зөвхөн нэг талыг харуулах нь их байсан. Менежментийн сэтгэлгээ, маркетингийн стратеги, инноваци хийх чадвар тоогоор илэрхийлэгдээгүй мэдээлэл ашигладаг талбаруудын зөвхөн хэсэг нь юм.

  

Эх сурвалж:

http://uurdmandakh.blogspot.com/

Fuld&Company http://www.fuld.com/company/what-is-competitive-intelligence/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачаалж байна...
news.mn id.news.mn